Чунгнамын

800px-Flag_of_Mongolia.svg

Монгол Оюутнуудын

800px-Flag_of_Mongolia.svg

Гадаадад байгаа иргэдэд ЭХ ОРНЫ ХИШИГ олгох тухай

Гадаадад байгаа иргэд дараах хууль эрх зүйн зохицуулалтаар эх орны хишгийг тухайн оронд байгаа монголын элчин сайд яам болон консулаар дамжуулан авах боломжтой болсон байна.

ЭХ ОРНЫ ХИШИГ МӨНГӨ, ИТГЭМЖЛЭЛ, ИРГЭНИЙ БҮРТГЭЛ

МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ

Монгол Улсын иргэн та иргэн бүрт олгож буй энэхүү “Эх орны хишиг мөнгө”-ийг хүртэхийн тулд Иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдах шаардлагатай. Хэрэв та өөрийн биеэр эх орондоо очиж бүртгэлд хамрагдах боломжгүй тохиолдолд доор байрласан “Иргэдийн судалгааны хуудас” хүснэгт (УБЕГ-аас ирүүлсэн)-ийг бөглөж ирүүлнэ үү.

ЭХ ОРНЫ ХИШГИЙН ТУХАЙ

“Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж батласан болно.

Уг тогтоолоор “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”, “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам” болон “Хүний хөгжил сан” дэвтрийн загварыг тус тус баталж, иргэний бүртгэлийн зөрчилгүй иргэдэд Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээх ажлыг 2010 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид, иргэнд 2010 онд олгох хишиг, хувийг 2 хувааж, эхний ээлжинд 70 000 /далан мянга/ төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоход шаардагдах хөрөнгийг тухай бүрд нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод, иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 онд явуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг сар бүр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэнд хишиг, хувь хүртээх дэвтэр олгох, хишиг, хувийг 2010 онд багтаан хүртээж дуусгахыг НХХ-ийн сайд Т.Гандид тус тус даалгасан байна.

• Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газрын ТОДОРХОЙЛОЛТ, ИТГЭМЖЛЭЛ-ийг авснаар хишиг мөнгийг авах боломжтой гэж заасан.

“Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын 3.7-д “Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийг тухайн иргэний гаргасан хүсэлт, итгэмжлэл, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно. Хэрэв тухайн иргэн итгэмжлэл гаргаагүй бол түүнд хүртээх хишиг, хувь дараагийн жилд хадгалагдан үлдэнэ” гэж заажээ.

“Консулын үйлчилгээний хураамжийн жишиг хэмжээ тогтоох тухай” Гадаад харилцааны сайд, Санхүү эдийн засгийн сайдын хамтарсан 46/398 тоот тушаалын дагуу 2010 оны 7сарын 15-ны өдрөөс эхлэн ЭСЯ-наас иргэддээ "Эх орны хишиг" мөнгө авах үйлчилгээний төлбөрт зохих төлбөрийг (Money Order) авах болно.

Эх орны хишиг мөнгө авахад бүрдүүлэх материалууд:

Бөглөсөн иргэдийн судалгааны хуудас

Бөглөсөн Тодорхойлолтын маягт

Бөглөсөн Итгэмжлэлийн маягт

Үйлчилгээний төлбөрийг Postal Money Order (payable to the Embassy of Mongolia)

Дээрх материалуудыг бүрдүүлж ЭСЯ-нд өөрийн биеэр авчрах буюу биеэр ирэх боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээх.

Дэлгэрэнгүй унших...

УРИЛГА

Чуулга уулзалтанд оролцох бол бүртгэлийн маягтыг энд дарж бөглөн summerforum.ulaanbaatar@gmail.com хаягт илгээнэ үү.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - БИДНИЙ ОРОЛЦОО” ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ

Дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж, амьдарч суугаа Монголчууд аа!

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Эх орныхоо хөгжилд - Бидний оролцоо" сэдэвт Хилийн чанадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалт 2010 оны 7 дугаар сарын 19-ний Даваа гарагт Улаанбаатар хотноо Төрийн ордоны Их танхимд зохион байгуулагдах гэж байна.


Чуулга уулзалтын зорилго: Гадаадад амьдарч буй Монголчуудынхаа улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар гаргаж буй хүсэл тэмүүлэл, санал санаачлагыг дэмжиж, удирдан чиглүүлж, хамтран ажиллах тэдний оюуны хөрөнгө оруулалтыг эх орондоо үр бүтээлтэйгээр хэрэгжүүлэх, мэдлэг дамжуулахад чиглэсэн цогц тогтолцооны нэг хэлбэр болон хэлбэршүүлэхэд оршино.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, "Цахим Өртөө Холбоо" ТББ-тай хамтран зохион байгуулж байна. Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч буй та бүхэн энэхүү чуулга уулзалтанд оролцоно уу.

Гадаадад суугаа Монголчууд, хувь хүн, мэргэжилтэн, оюутнуудад: Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч буй та бүхэн 2010 оны 7 сарын 19 -ны өдөр Улаанбаатар хотод, ажил, амралтын хүрээнд ирсэн байх төлөвлөгөөтэй байгаа бол энэхүү Чуулга уулзалтанд биеэр оролцохыг урьж байна. Биеэр оролцох боломжгүй ч хэлцэгдэх сэдэвт гадаадад суугаа монголчууд, тэдний нөөц бололцоо, тулгамдсан асуудал, асуудлыг шийдэх санал байвал бидэнтэй холбогдож санаа оноогоо нээлттэй хуваалцаж, Чуулганы ажлыг үр өгөөжтэй болгоход тусалж, хамтран
ажиллах урьж байна.

Гадаадад суугаа Монголчуудын Холбоо, Байгууллага, Клуб: Нэгдсэн хуралдааны нэг гол хэлэлцэх сэдэв нь гадаадад үйл ажиллагаа явуулж буй Холбоод, Байгууллагуудын хийж бүтээж буй ажил үйлсийг нэгтгэн танилцуулах, мөн тэдний өмнө тулгарч буй асуудлыг төр засгийн хамтын ажиллагаа дэмжлэг туслалцаатайгаар шийдэх боломжийн талаар хэлэлцэн ярилцах явдал юм. Нэгдсэн хуралдаанд гадаад дахь холбоодын нэгдсэн илтгэл тавих үүргийг Цахим Өртөө Холбоо авсан бөгөөд уг илтгэлийг боловсруулахад та бүхнийг хамтран ажиллахыг
(ХАВСРАЛТТАЙ танилцана уу) хүсэмжлэн энэхүү захидлыг хүргэж байна.

Монголд буй Гадаадад төгсөгчдийн Холбоо, Байгууллага, Клуб: Та бүхнийг энэхүү Чуулга уулзалтад өргөнөөр оролцохыг урихын хамт бидэнд өөрийн байгууллагаас салбар хуралдаанд оролцох нийт 5 хүртэлх хүний нэрийг бүртгүүлж, өөрсдийн байгууллага, одоо явуулж буй үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хуваалцаж хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье. (ХАВСРАЛТТАЙ танилцана уу)

Чуулга уулзалтанд оролцох бол бүртгэлийн маягтыг http://sites. google.com/ site/ulaanbaatar forum/b-rtgel бөглөнө үү. Оролцох хүний тоо хязгаартай тул First-come, First-served зарчмаар Танд мандат олгосон эсэх талаар бид эргэж мэдэгдэнэ.

Чуулга уулзалттай холбоотой мэдээллийг:
Ulaanbaatar Forum: http://forum. cooperation. gov.mn
Цахим өртөө: http://www.tsahimur tuu.mn
болон summerforum. ulaanbaatar@ gmail.com хаягаар хандан авч болох ба салбар хуралдаануудад оролцох сонирхолтой хүмүүс хуралдааны модераторуудтай холбогдож болно.

Та бүхний энэхүү чуулганд идэвхитэй оролцоно байх гэдэгт найдаж байна. Баярлалаа.

ЖИЧ: Энэхүү мэдээллийг Гадаадад суугаа Монголчуудын улс, муж, хот, холбоод, клубын листээр тарааж, Чуулгантай холбогдолтой мэдээллийг тус тусын вэбсайтад тавьж тус болно уу. Баярлалаа.

Tsahim Urtuu Holboo NGO
IT Park 427, Baga toiruu-49

Ulaanbaatar, Mongolia
Tel/Fax: (976)11 312920
www.tsahimurtuu. mn

Удирдамж

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - БИДНИЙ ОРОЛЦОО” ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТЫН УДИРДАМЖ

Хэзээ:
2010 оны 7-р сарын 19-ний өдөр

Хаана:
Төрийн ордон, Их танхим

Оролцогчдын тоо:
300 (150+150)

Зохион байгуулагч:
Хилийн чанадад амьдарч
буй Монгол улсын иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажиллах зөвлөл

Чуулганы ерөнхий удирдагч:
Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажиллах зөвлөлийн дарга

Салбар хуралдааны удирдагч:
Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажиллах зөвлөлийн гишүүд зохицуулан чиглүүлнэ.

Хамтран зохион байгуулагч:
“Цахим Өртөө Холбоо” ТББ

Зорилго:
Хилийн чанадад суугаа монголчуудын улс орныхоо хөгжил дэвшилд оюуны
хөрөнгө оруулалт хийж хувь нэмрээ оруулахаар гаргаж буй бүтээлч санал
санаачлагыг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг
дамжуулахад чиглүүлэх, гадаадад суугаа иргэд ба төр засгийн хоорондох
хамтын ажиллагааг сайжруулах

Зорилт:
Хилийн чанадад өөрсдийн санаачилгаар зохион байгуулж буй
“Монгол Улсын хөгжилд” сэдэвт олон чуулга уулзалтуудын үр дүнг нэгтгэн
танилцах, тэдний төлөөллийн санал бодлыг сонсох, шилдэг илтгэлүүдийг
тавиулах, салбар хуралдаан зохион байгуулж, салбарын яамдын удирдлага,
мэргэжилтнүүд болон зочин эрдэмтэн судлаачид, оюутнуудыг уулзуулж,
хэлэлцүүлэг зохион байгуулах;Чуулга уулзалт, салбар хуралдаанаас гарах саналуудыг нэгтгэн төрийн
байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газар, төрийн бус байгууллагад
зориулсан зөвлөмж боловсруулан хүргүүлэх, ажил хэрэг болгох;Чуулга уулзалтыг жил бүр өргөжүүлэн гадаадад сурч, мэргэшиж байгаа
болон мэргэшиж ирсэн монголчуудын оюуны хөрөнгө оруулалтыг эх орондоо
үр бүтээлтэйгээр оруулахад чиглэсэн цогц тогтолцооны нэгэн хэсэг болгон
хэлбэршүүлэх;

Хүрэх үр дүн:
Чуулганд оролцогчдын саналыг тусгаж салбар хуралдааны тодорхой
чиглэлүүдээр салбар салбарт санал, зөвлөмж боловсруулах, хүргүүлэх;Гадаадад сурч, мэргэшиж, боловсорсон иргэдийнхээ туршлага, санал
санаачлагыг бодлогод тусгах;Төр, төрийн бус байгууллага,
гадаадад үйл ажиллагаагаа явуулж байгаа монголчуудын холбоодтой холбоо
бий болж, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллах боломж бүрдэнэ.Чуулга уулзалтаар төр засгийн зүгээс хэрэгжүүлж буй гадаадад байгаа
иргэдээ дэмжих зорилготой бодлого, арга хэмжээ, үйл ажиллагааг таниулах;Улс орны хөгжилд хувь нэмэр болохуйц төсөл, хөтөлбөр, санал,
санаачлагыг тодруулах, цаг алдалгүй нэвтрүүлэх, бодит ажил болгох боломж
бүрдэнэ.

Чуулганы үйл ажиллагаа:

Зөвлөлийн даргын баталсан чуулга уулзалтын хөтөлбөрийн дагуу хилийн чанадад суугаа иргэдийн талаар төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг
танилцуулах, гадаадад мэргэшигч залуус улс орныхоо хөгжилд оруулж чадах
өөрсдийн бололцоо, хувь нэмрийн талаар гэсэн үндсэн 2 хэсэгт хувааж
илтгэлүүдийг сонсох, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал асуулга явуулах, зөвлөмж боловсруулах.

09:00-13:00 цаг –
Хуралдааныг Зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар удирдана

Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх сэдэв: Төр засгийн бодлого, чиглэл,
хэрэгжүүлж буй арга хэмжээ, Дипломат төлөөлөгчийн
газруудын үйл ажиллагааны хэрэгжилт, Улс орны тэргүүлэх
чиглэлийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага Гадаадад амьдарч
буй иргэдийн талаарх судалгаа, туршлага, хэл соёл, ёс заншил, өв
уламжлалаа хадгалах

14:00-18:00 цаг/ Үдээс хойших хуралдааны чиглүүлэгчид, хэлэлцэх сэдэв
Хэлэлцэх илтгэлүүдийг чиглүүлэхдээ:

Илтгэлүүд нь Монгол орны тухайн салбарт
тулгараад буй гол асуудлуудаас хөндөж, түүнийг даван туулахад
тохиромжтой гэж үзсэн гадаад орны арга зүйн болоод технологийн ололт
амжилтаас санал болгох; Илтгэлүүд нь асуудлын шийдлийг
хайхдаа ирээдүйд хийж бүтээх арга замд төвлөрсөн, төр болоод гадаадад
мэргэшигчдийн хамтын ажиллагааны хэлхээ холбоог үүсгэхэд анхаарах;Салбарын доторх илтгэлүүд хоорондоо агуулгын болон хэлэлцүүлгийн хувьд
аль болох уялдаа холбоотой байхад анхаарна.

Салбар хуралдаан:

1) Өрсөлдөх чадвар - Мэдээлэл
технологи, боловсролын салбарын хөгжил

Чиглүүлэгчид:
Ч.Куланда, БСШУ-ны дэд сайд,
Ц.Буянцогтоо, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

2) Эрүүл мэнд ба анагаах ухаан –Эрүүл
амьдрах дадал зуршлыг бий болгох

Чиглүүлэгчид:
Н.Хүрэлбаатар, ЭМЯ-ны ТНБД
Др. Ц.Базаррагчаа, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын гишүүн

3) Хүн байгаль –Экологийн
асуудал, олон улсын “сайн” туршлага

Чиглүүлэгчид:
Х.Нямхүү, НХХ-ийн дэд сайд
Др. П.Энхтуяа, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын гишүүн

4) Эдийн засаг – Оюуны хөрөнгө оруулалтыг эдийн засагжуулах

Чиглүүлэгчид:
Т.Очирхүү, Сангийн дэд сайд
Н.Энхжаргал, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

Чуулганы зөвлөмж:

Чуулганы нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаанаас гаргах зөвлөмжийг эцэслэн
боловсруулах ажлын хэсэг:

Зөвлөлийн гишүүд:
Г.Баясгалан
Д.Мөрөн
Д.Солонго- ХЗДХЯ-ны ТНБД- ГИХАЭГ-ын дарга, ХЭҮК-ийн дарга

Бусад:
Ч.Энх-Эрдэнэ
Д.Тэгшбаяр
Д.Сайнбаяр- Зөвлөлийн ажлын албаны дарга, Зөвлөлийн ажлын албаны шинжээч, “Цахим Өртөө Холбоо” ТББ, УЗ-ийн дарга

Дэлгэрэнгүй унших...

Хов живийн тухай эргэцүүлэл



Хов жив Үнэнтэй тэнцэх үү эсвэл тэрсэлдэх үү?

Оршилд:
Үнэн хийгээд үл буруудах шалтгаант үгс нь хүртэж буй савны хэмжээ, тунгааж чадах, эс тунгааж чадах сэтгэхүйн цараас шалтгаалан үнэн үг худал болж ховд хутгалдах, басхүү анхныхаа зорилгоос хол зөрүү холбирох нь бий. Иймээс үнэн, чин шудрага үгийг ч бай хэлэхдээ хүртэж байгаа саваа /энэ хүн бөлгөө/ сайтар шинжих нь зүйтэй.

Бурхан багшийн сургаальд нэгэнтээ “Чигч шудрагуй үгийг хүссэн хүнд нь, хүссэн цагт нь айлдамой” гэсэн байдаг.

Буддын сургааль: Бусадтай тоож харьцахгүй гэдэг хүнтэй амьдрал өөрөө тоож уясдаггүйг сана.

Василий Ключевский: Өөрсдтэй нь хүн шиг харьцаад эхлүүт л мал болчихдог хүмүүс бий.

Плавт: Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг.

Хун Цзычен: Ам бол оюун ухааны үүд. Түүнийг нээлттэй орхивол ухаан гадагшаа асгарчихна. Төсөөлөл бол оюун ухааны хөл. Түүнийг хазаарлаж байхгүй бол ухааныг чинь зөв замаас гаргачихна.

Александр Поун: Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага.

Чарьлз Бакстон: Дуугүй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог.

Маттис Клаудиус: Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь, ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай.

Сенека: Муу хүмүүсийн шүүмж гоочлол бол магтаал л гэсэн үг.

“Ядаж байхад “дайсны баатар”-ын зөгий шиг хэл, шөвөг шиг үгс нь хүнийг лазерийн гал шиг үхтэл түлж үнс болтол шатаадаг атлаа, үйлдэл санаа нь болохоор тэнгэрлэг Тереза эх шиг буян нигүүсэл бялхуулаад байхаар яалтай ч юмдээ” гэж блогчин Инга нэгэнт шогширсон байдаг. Хүнд үг хэлэх ч боломж олгодоггүй хурдан түргэн хэл амтай хүмүүсийн зогсоо зайгүй пулмётлах үгс нь магадгүй боломжийг алдахгүй өөрийгөө хаацаалах гэсэн эцсийн оролдлого байж болох ч юм. Өөрийнхөө хэлүүлэх гэснээ “Тийм биз дээ” гэж тулгах, “Тийм л юм бна л даа” гэж яаран садран өөрөө өөртөө батлах тийм хүмүүстэй харьцах тохиолдолд хамгийн зөв сонголт нь дуугуй байх эсвэл тухайн хүний асуугаад, асуултандаа өөрөө батлаж хариулаад байгаа тэр үгсээр эцэслэн хариу барих нь дээр юм билээ дээ.

Тийм дээ ч дээрхи бүх сургааль үгсийн гол зангилаа болсон санаа шиг, эцсийн бүлэгт Плавтын хэлсэн шиг “хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг” гэдэг шиг хүмүүст өөрт нь тааруулаад ойлгох үгийг хэлж сурах нь бусадтай харилцахдаа хийх гарцаагүй зөв сонголт байх нь бий юм даа. Мэдээж ойлгохгүй үгсийг яриад эхлэвэл чи эсвэл тэнэг, галзуу солиотой, гажиг хүн болох нь дамжиггүй юм. Гэхдээ зарим тохиолдолд бялдууч үг унагаж, ул долоон хоромхон зуурт хүнд таалагдах гэж амиа хоохойлж байснаас тэнэг балай, гажиг болоод үлдэх нь ч дээр байж болох. Юм хоёр талтай гэж.

Хов жив + эмэгтэйчүүд = зоосны хоёр тал

“Чигч шудрагуй үгийг хүссэн хүнд нь, хүссэн цагт нь айлдамой” гэсэн үгийг хүмүүс тэр дундаа эмэгтэй хүмүүс тун сайтар санаж явахад илүүдэхгүй юм билээ. Учир нь эмэгтэйчүүд нөгөө л нэг байгалийнхаа зангаар сонссон зүйлээ боловсруулах, шүүн тунгаах чадваргүйгээр тараан түгээх гэдэг үүрэгт сигналаар ажиллаж эхлэдэг учраас таны үг ямар хэмжээтэй саванд орж, гарч байгаагаас шалтгаалан идээ бээртэй, өмхий хамхай болж түгэх нь ч бий . Энэ нь эцэстээ эцэс төгсгөлгүй хов живийн эхлэл болно.

Яагаад гэж үү?

Хов живийг эм хүйстнээр бүр тодруулбал авгай, охид хүүхнүүдээр тодруулан тодорхойлсон нь олон талын шалтгаантай. Хов жив гэдэг үгийг залгаад яагаад заавал эмэгтэй хүн гэж зүүсгэл /Connotation/ хамт дагалддаг юм гэдэг асуулт гарч ирнэ. Бас хов жив, эмэгтэй хүн хэзээ ч нүүр нүүрээ харалцахгүй тэрхүү зоосны хоёр тал шиг байдаг вэ гэх асуулт юм гарна. Хов жив таригч эрэгтэй хүн гэж байж болох ч хүн төрлөхтөн, универсал ойлголтонд эмэгтэй хүн л хов живтой орооцолдогчдын дийлэхи хувь нь байдаг.

Аливаа зүйлд ерөнхий хандлага буюу mainstream гэдэг ойлголт байдаг гэдгийг манай их сургуулийн багш байнга хэлдэг байж билээ. Тэр өөрөө хэдийгээр маш чадалтай эмэгтэй байсан боловч яагаад ч юм эмэгтэй хүн бол бүдүүлгээр хэлэхэд “тогооны хүн” гэдэгтэй би далдхан санал нэг байдаг юм гэж байсныг одоо тодхон санаж байна. Басхүү эмэгтэй хүн байгалиасаа сонсох эрхтэндээ илүү итгэж чаддахаас цаашгүй юм шүү дээ гэж хэлж байж билээ. Тиймээ эмэгтэйчүүд сонсох эрхтэндээ л илүү итгэж чаддаг. Яг энэ мөн чанар л эмэгтэй хүмүүсийг хов жив таригчид болгодог. Бид хэзээ ч чихээр сонссон юмандаа үнэлэлт дүгнэлт өгч, бодож тунгааж зөв буруугийн дэнслүүр дээр шүүн боловсруулж чаддаггүй /эсвэл хүсдэг үгүй ч байх/ сонссон бүхнээ хүнд дамжуулан тарааж явдаг улсууд.

Хэлсэн үгийн нарийн учир, зорилгыг ойлгохгүйгээр, бодож боловсруулж чадалгүйгээр бусдад "тургиж" өөрөө өөртөө хавх тавин, дараа нь орооцолдох аалзны тор нэхэж, бас живж унах намаг балчиг тарьж явдаг улс.

Мундаг чадвартай эмэгтэйчүүд байдаг ч тэдэнд бурхан цаанаас нь сонсоод, сонссон зүйлээ хараад, харсан сонссон дээрээ үнэлэлт дүгнэлт өгч чаддаг тэрхүү хосгүй чадварыг өгсөн байдагт л оршино. Нэг үгээр генэнд нь тиймэрхүү чадвар бүхий мэдээлэл байна гэсэн үг. Тэгэхээр харамсалтай нь ямар ч өндөр боловсролтой эмэгтэй хүн байлаа гэхэд энэхүү чадвар бүхий мэдээлэл үгүй бол амьдралаас харж мэдэрч байгаа харилцааны тохиолдолууд болон нөхцөл байдлууд дээрээ анализ хийх чадваргүйгээрээ, түүнд суралцах боломжгүйгээр насыг барах нь бий юм. Бүдүүн баргаар хэлбэл цээжилсэн хэдэн ханз, цаасан дээрхи бичигдмэл хууль дүрэм, томьёогоос өөр сурц үгүйгээр л авсанд орох юм байна л даа.

Тэгэхээр хов жив бол боловсролтой, сэхээтэнлэг, элит гэх мэт бидний сайн сайхныг басхүү ёс зүйн өндөр төлөвшилийг олж харахыг хүсдэг тэрхүү давхаргад ч гарч болно гэсэн үг. Яагаад гэвэл тэнд эмэгтэй хүн байгаа учраас.

Эмэгтэйчүүд бол харилцааны хамгийн эрсдэлтэй бүс


Би эмэгтэй хүн. Харамсалтай нь хар багаасаа эмэгтэй хүмүүстэй тэр бүр ойртож нөхөрлөхгүйгээр өдийг хүрсэн. Тиймдээ ч эмэгтэй хүнтэй харьцах туршлага тун муу, бараг үгүй. Ядаж л нээлттэй байсныхаа төлөө эргүүлээд алгадуулах нь элбэг байж болох тал ажиглагдав. Тиймдээ ч эмэгтэй хүнтэй харьцахдаа их болгоомжтой харьцах хэрэгтэйг санаж явууштай юм билээ. Эмэгтэй хүмүүстэй харьцаж сурснаар цаанадаж нийгэмтэй, танихгүй шинээр танилцаж байгаа бүлэг хүмүүстэй харилцах хамгийн том сургууль болохыг амьдралаас ухаарав.

Юун түрүүнд сэтгэл зүйчдийн тодорхойлсон харилцааны хязгаар бүсүүдийг сайтар мэдэж байх нь зөв болов уу. Тэгэж байвал та үзэл бодлоо, хэрэгтэй хэрэггүй хүмүүстээ хуваалцах тэрхүү баримжааг бага ч болов мэднэ.

1. Дотны харьцааны бүс хагас метрээс шууд биеэр шүргэх хүртэл
Хайртай хосууд, эцэг, эх хүүхдүүд, дотны найз нар ийм зайнд хоорондоо уулздаг. Бас ийм харилцаанаас бие биетэйгээ харилцдаг. Энэ тохиолдолд үг хэлээ нарийн чанд хянаад байх шаардлагагүй эрх дураараа байж чадах бүс. Тэд чамайг луйварчин, архичин байсан ч ямагт ойлгохыг хичээдэг хүмүүс.

2. Хувийн харьцааны бүс /0.5м-1.5м/.
Дотны найзаас гадна олон жилийн цаг хугацаа, үзэл бодлын шалгуур давсан “гал хамууд”. Сайн муу бүх яриан дээрээ чамтай санал нийлж чадах хүмүүс. Энэ эхний хоёр бүс бол чамайг хов живнээс хамгаалах дархаалт бүс юм шүү.

3. Албан ёсны бүс/1.5м-3м/. Энэ бүс бол ажил, сургууль ялангуяа магистар, докторын болоод богино хэмжээний сургалтын ширээ болоод чи өөрийн сонголтоор биш гуравдагч этгээдээр дамжин /нэг үгээр танилын танил гэх мэт/ олж мэдэлцэж байгаа хүмүүс. Нэг үгээр шинээр нэвтэрч буй бүс - Newly penetrating zone. Өөрөөр хэлбэл сэтгэлийн гэхээс илүүтэйгээр хоёрдогч хүчин зүйлийн “шахалтаар” харилцах ёстой бүс гэсэн үг юм. Энэ 3 дахь бүсэд ээж, эгч, эмэгтэй дүү, гэх мэт дотны харьцааны бүснээс гаднах бүх эмэгтэйчүүд орно гэсэн үг юм.

Хүний сайн муу, эерэг, сөрөг үзэл бодлын төлөвшил нь нэгэнт тогтворжсон өөрийн гэсэн худал хуурмаг, үнэн мөнийн хэмжүүртэй болсон энэ хүмүүсд өөрийнхөө хувьд зөв буруугийн дүгнэлтийг шууд хэлж болохгүй болгоомжтой байхад илүүдэхгүй. Учир нь гэвээс чиний үг ямар сав руу орж, ямар савд боловсрогдон, яаж баяжиж түгэн дэлгэрэхийг мэдэхгүй. Шаардлагатай тохиолдолд энэ хүмүүс чиний эергээр бодож хэлсэн үгийг ч эргүүлэн гуйвуулж чиний эсрэг ашиглаж мэднэ.

4. Нийтийн харьцааны бүс /3 метрээс цааш/. Энэ бүсийг бол мэдэж байгаа байх. Олон нийт.

Заа харилцааны бүсээ сэтгэл судлаачдын тусламжтайгаар бага ч болов тодорхойлох гэж оролдлоо. Ингээд гол юмандаа орий.

Хүүхнүүдийн харьцаанд нээлттэй бас бусдыг сонсогч байх шаардлагагүй:
“Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай”. Энэ мэдээж өөрийнхөө үзэл бодлоо 3 дахь бүсийн эмэгтэй хүнтэй ярьж болохгүй гэсэн үг. Басхүү айхтар зөвлөгөө өгдөг баатар болж, өөрийнхөө хэмжүүрээр үнэн худлыг ялгаж салгах гэсний шаардлагагүй юм.

Ардын цэцэн үгэнд “Нэг хов авчирсан хүн хоёрыг аваад буцдаг” гэсэн байдаг. Хэрэв танд хэн нэгэн /хэн нэгэн гэдэг нь ихэнхи тохиолдолд 3-р бүсийн хүн гэдгийг анхаарна уу/ хандаад өөрт тохиолдсон болон хэн нэгэнтэй үл ойлголцсон таагүй зүйлсийг хүсээгүй байхад тань яриад эхлэвэл та өөрөө хичнээн нээлттэй бас хүнийг сонсдог хүн байсан ч цонхны хөшгөө шууд хаагаад, спикерээ шууд унтраах хэрэгтэй. Тэртэй тэргүй тэр хүнд, өөрт нь таарсан зөвлөгөө өгөөд сурчихсан тухайн хүний хувьд ойрын хүн байж л таараа. Таны үгээр нээх дутаад байхгүй, харин ч илүү юманд илүүц бизээ.

Магадгүй Плавтын хэлсэн шиг “Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг” гэдэгтэй адил чиний хэлэх үг түүний ойлгох хэмжээний үг биш ч байж болох талтай.

Тэгээд ч нэгэн ухаантай хүний маань хэлснээр “баггүй амьдрах нь бандаажгүй явахтай адил эрсдэлтэй бас ичгүүртэй юм шиг ээ” гэдэг үг ой тоонд ойрхон бууж байна. Гэхдээ мэдээж хэрэгтэй үед авч болдог, хэрэггүй үед дээрээс нь шаваад байж болдог уян хатан баг зүүх хэрэгтэй л дээ. Нэг үгээр зажилж бутлах, нүүрний хэлбэрийг зөв харагдуулах хадгалах үүрэгтэй хиймэл шүд шиг тэрхүү багаа хэрэглэдэг байх нь чухал. Түүнээс биш авч ч болохгүй хаяж я болохгүй насны юм наачихвал яваандаа ойр дотны хүмүүс чинь адаг сүүлдээ өөрөө өөрийгөө танихгүй мартахад хүрнэ. Тэгэхээр 3 дахь бүсийн эмэгтэйчүүдтэй ихэнхи тохиолдолд нүүрний хэлбэрийг зөв харагдуулах үүрэгтэй хиймэл шүд шиг багтай харилцаж амьдрах нь хов живийн ертөнцөөс бага ч болов холхон байх арга байж болох.

2. Хүүхнүүд анализ /дүн шинжилгээ/ хийх чадвар тун хомс тул үгэн дээр дөрөөлсөн хов живийг засаж залруулах гэсний ямар ч шаардлага байхгүй. Магадгүй баг зүүж амжилгүй явж байгаад эмэгтэйчүүдийн хов живт орооцолдсон бол үг бүрийн араас хөөцөлдөн засаж залруулах гэж улайрсаны шаардлагагүй. Учир нь хов живийн аалзны торонд чиний үг монтажлагдан засварлагдаад нэхэгдсэн л бол өөртөө улам олон амьтан наалдуулж цааш нь харуулах чадалтай болж, хов живийн намаг нэгэнт л ундарсан бол чамайг улам бүр доош нь чангаах болно. Тиймээс намгаас өөрийгөө татаж гаргахын тулд ганц л болов мөчир үлдсэн бол түүнээс сайтар зуураад алдахгүйгээр өөрийгөө хүчлэн гаргаж татах нь чухал болохоос нэгэнт үүссэн намгийг хатааж эсвэл шавхаж чадахгүй нь лавтай юм.

Ганцхан жишээ хэлье. Америкийн сэтгэл судлаачдын явуулсан нэгэн туршилтыг танд сонирхуулъя. Та уншаад нэгийг бодно биз. Америкийн нэгэн их сургуульд сэтгэл судлаачид хоёр оюутныг удахгүй хуримаа хийх гэж байгаа гэсэн ямар үндэслэлгүй хов яриа тараажээ. Дараа оюутнуудын дунд асуулга явуулахад 12% нь өөрсдийгөө хуриманд нь очсон гэж тангарагалаад, сүйт бүсгүйн хуримын даашинз, гоёл чимэглэлийг нэг нэгэнгүй тоочиж байсан гэдэг. Тэгэхээр зүгээр л нэг үг шидэхэд үр дүнд нь ямар ч үндэслэлгүй амьдрал дээр хэзээ ч байгаагүй тэрхүү үлгэрийг босгож болж буйг харж байна.

Тэгэхээр үгийн араас хөөцөлдөж залруулах гэх тусам үлгэр босгогч нарт улам том олз бэлтгэж өгсөнтэй адилхан болно. Тэгдэг ч юм билээ.

Дүгнэлт: Хов живээс гэхдээ та юу олж болох вэ?

Энэ асуултанд эергээр хариулж болно. Орчин үеийн сэтгэл судлаачид хов жив бас хов живд “орооцолдох” нь шүүмжлээд байх зүйл биш гэжээ.

ЯАГААД?. Учир нь сэтгэл судлаачдын хэлснээр бид хов живээр дамжуулан ёс суртахууны үндсэн зарчмууд, олны дунд биеэ авч явах бичигдээгүй дүрмүүдийг суралцаж авдаг байна. Хов ярианы тусламжтайгаар басхүү "орооцолдсоны", "орооцолдуулсны" тусламжтайгаар хэнд итгэж болох, итгэхгүй байж болох хэнээс зайгаа авах ёстой, хаана зүгээр суугаад харин хаана эцсээ хүртэл тэмцэх хэрэгтэйг мэдэж авдаггүй юмаа гэхэд баримжаа авч байдаг.

Гэхдээ эцсийн бүлэгт чиний үнэн бусдын үнэн биш гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл өөрийнхөө үнэн гэж бодож, мэдэж байгаа зүйлээ 3-р бүс буюу албаны бүсд хамаарах хүмүүстэй ялангуяа эмэгтэйчүүдтэй хэзээ ч бүү хуваалц гэж.

Үнэн өөрөө харьцангуй юм. Тиймээс нэгэнт л үлгэр босгогч нартай чи таарсан л бол үнэн гэж ам алдсан үгс тань өөрийг чинь эргүүлээд хутгалах мэсийг бэлэн гаргаад өгсөнтэй адилхан л болох юм.

Эцэст нь: Чи хэзээ ч, дандаа өөрөө өөрийнхөөрөө үлдэх ёстой. Чи өөрөө хэн байна түүгээрээ л үлд. Амьд амьтадын дотроос зөвхөн хүн л ихэрхэг нэрэлхүү зангаараа, тэнэг үйлдлээрээ бусдыг даган яг тэр хүн шиг болох гэж хичээн зүтгэдэг. Ингэснээрээ өөрийнхөө хувийн цорын ганц гайхамшигаа гээж, өөрийнхөө амьдралыг алдаа болгон хувиргадаг. Өөрийнхөө толгойд багадаад байгаа малгайг өмсөх гэж бүү зүтгэ!


Дэлгэрэнгүй унших...

Ч.Энх-Эрдэнэ: Өндөр боловсролтой нэг хүн 10-30 дахин үржих төрийн бодлогын эхлэл нь “Зөгийн үүр” хөтөлбөр



Гадаад улсаас манай улсад ирж, ажиллаж амьдарч буй иргэдийн хэргийг эрхлэх тусгай агентлаг байдгийг бид мэднэ. Харин гадаадад амьдарч буй өөрийн иргэдийн асуудлыг цогцоор нь анхаарах байгууллагагүй явсаар өнөөг хүрлээ. Харин саяхнаас Засгийн газрын дэргэд Зөвлөл байгуулагдан хилийн чанадад амьдарч буй 200 мянга орчим иргэдээ төрийн бодлогын түвшинд анхаарч эхэлснээрээ онцлог юм. Тэгээд ч харьд суугаа монголчуудын 90 гаруй хувь нь сонгуулийн эрх бүхий, оюуны болон хөгжлийн өндөр чадамжтай иргэд байдаг юм. Энэ сэдвээр Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэтэй ярилцлаа.



Зөвлөл чухам ямар үүрэгтэй талаар эхлээд тодруулахгүй юу?

- Гадаадад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах чиглэлээр төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах үүрэгтэй. Салбар дундын зохицуулалт хийх, салбарын яамдын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах үндсэн чиг үүрэгтэй зөвлөлдөх байгууллага гэсэн статустай.

Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалах тухай яригдахад эхний ээлжинд хилийн чанад дахь хүмүүсээ ч тоолоогүй байж гэсэн шүүмжлэл гардаг. Энэ тооцоо одоо бэлэн болсон уу?

- Өнөөдөр 200 мянга орчим иргэд хилийн чанадад ажиллаж, амьдарч байна гэсэн албан бус тоо бий. Хүн амынхаа тоотой харьцуулахад энэ нь манай улсын 22 дахь аймаг гэж үзэж болохуйц том тоо юм. Энэхүү “шинэ” аймгийн онцлог нь хоорондоо жаахан зайтай олон сумдтай боловч бусад аймагтай харьцуулахад мэдээлэл түгээлээ гэхэд цаг алдаж, шуудан энэ тэр гэх шаардлагагүй. Зөв зохион байгуулж чадвал ганцхан кноп дараад л нэгэн зэрэг хоорондоо холбогдож болох онцлогтой.

Манай орны хувьд иргэд олноор хилийн чанадыг зорих нь гадаадаас мөнгө, туршлага, мэдээлэл технологийг оруулах сайн талтай боловч нөгөө талаас үндэсний чадавхитай боловсон хүчнүүдээ алдах, хүн амын хүйсийн болон хөдөлмөрийн чадвартай хэсгийн тэнцвэр алдагдах зэргээр нийгмийн бүтцэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс гадаадад байгаа иргэдийнхээ талаар нэгдсэн мэдээллийн бааз бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, цаашид төрөөс авч хэрэгжүүлэх нэгдсэн бодлогыг тодорхойлоход салбарын яамдын үйл ажиллагааг уялдуулахад анхаарах хэрэгтэй болоод байгаа юм.

Монголын төр саяхнаас гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг нь хамгаалъя, улс орныхоо бүтээн байгуулалтад нөөц, хүчин чадлыг нь ашиглая гэж ярих боллоо. Чухам ямар арга замыг олж харсан талаар тодруулахгүй юу?

- Мэдээллийн технологи, цөмийн физик, сансар судлал, уул уурхай, нано технологи гээд монгол хүний хүрээгүй салбар гэж алга. Монгол хүний чадавх үнэхээр өндөр байдаг юм байна. Эдгээр чадварлаг хүмүүсийн дийлэнх нь зөвхөн мөнгөний төлөө гадагш явдаг биш харин ажил мэргэжлээрээ өсч дэвжих боломж, шинийг бүтээх нөхцөл, амьдрах илүү тухлаг орчинг эрэлхийлсэн байдаг. Тиймээс тэднийг дэмжиж, эрх ашгийг хамгаалах, хүчийг нь нэгтгэн ашиглах бодлого хэрэгжүүлэх нь тэднийг эх орондоо ажиллаж, амьдрах боломж бүрдүүлэхээс дутуугүй чухал байна.

Өөр бас анхаарах зүйл байна. Саяхан манай их сургуулийн нэг багш ярьж байна лээ. Нано технологиор 22 оюутан төгсгөхөд 20 нь гадаад руу, тухайлбал Солонгос руу явах гэж байна гэж. Энэ юуг харуулж байна гэхээр манайх өндөр чадвартай хүмүүсээ нөөж авч үлдэх, оюутан болон гэрээт ажилчдыг зохион байгуулалттайгаар дэмжиж гадагш явуулж, солилцоог нэмэгдүүлэх талаар илүү бодолцох ёстойг харуулж байгаа юм.

Саяхан төрийн байгууллагуудын дунд өргөн хэлэлцүүлэг явуулж “Зөгийн үүр” хөтөлбөр явуулахаар болсон. Хэрэгжилтийг танай зөвлөл зохион байгуулах юм байна гэж ойлгосон?

- Ерөнхий сайд С.Батболдын санаачилж, үүрэг болгосны дагуу Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гадаадад байгаа өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдээ эх орондоо эргэн ирж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий “ Зөгийн үүр" хөтөлбөрийн төслийг боловсруулж ирүүлсэн. Хөтөлбөрийн төслийг төрийн болон төрийн бус байгууллагуудаар үе шаттайгаар хэлэлцүүлсэн. Одоо яамдуудаас саналыг авч Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг зөвлөлөөс чиглүүлэн зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах бөгөөд холбогдох байгууллагууд чиг үүргийнхээ дагуу хамтран хэрэгжүүлэх юм.

Гадаадаас эх орондоо аль чиглэлийн хүмүүсийг урихаар ярьж байгаа вэ. Ямар мэргэжилтнүүддээ төр санал тавих бол гэдгийг сонирхмоор байна?

- “Зөгийн үүр” хөтөлбөрийн төслийн эхний хоёр жилийн туршилтын хугацаанд нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр, нэн түрүүнд шаардлагатай мэргэжлүүдийг эхний ээлжинд сонгохоор болсон. Тухайлбал, өнөөдөр Монголд уул уурхайн нарийн мэргэжилтний эрэлт их байна. Нийтдээ 3100 ажлын байр бий. ҮХШХ-ноос хийсэн судалгаагаар цаашдаа 2015 он гэхэд уул уурхайн боловсруулах салбарын ажиллагсад 59208-д хүрэх прогноз гарсан. Уул уурхайн инженер, геологич инженер, химич инженер, геофизикч, геохимич, металлургийн инженер зэрэг мэргэжлийн эрэлт ирэх 2015 он гэхэд улам ихэснэ. Тиймээс тодорхой шалгуурыг хангасан монгол ажиллагсдын эрэлт цаашид ч өссөөр байх болно.

Ажлын байр өссөөр байх боловч “Зөгийн үүр” хөтөлбөрт тийм ч олон иргэн хамрагдахгүй юм байна. Тэгэхээр зохицуулалтыг хэрхэн хийхээр тооцсон бэ?

- Эхний ээлжинд бид гадаадад өөрийн оюуныг үнэлүүлж чадаж буй өндөр потенциалтай хүмүүсээ авчрая. Тэд цаашаа үржих ёстой. Өндөр боловсролтой нэг хүн 10-30 дахин үржих тэр бодлогын эхлэл нь “Зөгийн үүр” хөтөлбөр байх ёстой гэж үзэж байгаа.

Цалингийн болон бусад хөшүүрэг байж л өндөр мэргэжилтнүүд нутагтаа ирэх байх. Үүнийг нь ямар байхаар зохицуулж байна?

- Үүний тулд тэднийг нэн түрүүнд бодит мэдээллээр хангаж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шинээр бизнесээ эхлэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлэхээр ярьж байна. Бас зээлд хамрагдах боломж бүрдүүлэх, тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цалингийн нэмэгдэл урамшуулал олгох, судалгааны тэтгэлэг олгох зэргээр тусгагдсан байгаа. Мөн хилийн чанадад нэгэнт төвхнөсөн иргэдийг заавал бүрмөсөн нутагт нь ирүүлэх бус, тэнд нь хамтран ажиллах, түр хугацаагаар ирж очих зэрэг олон хэлбэрээр ажиллах боломжтой гэж үзэж байгаа.


Өнөөдөр уул уурхайн салбарт гадаадад үнэлэгдсэн “зөгий” хэр олон байдаг бол. Яагаад гэвэл, өнөөдрийн байдлаар хамгийн эрэлттэй байгаа мэргэжил энэ бололтой?


- Хэн, хаана, ямар мэргэжлээр сурч, ажиллаж буй талаар нарийвчилсан судалгааг эхлүүлж байна. Хилийн чанадад буй монголчуудын холбоо, Элчин сайдын яамдтай хамтарч судалгааг хийнэ. Мөн ирэх долдугаар сард Ерөнхий сайдын ивээл дор гадаадад сурч, ажиллаж буй оюутан, эрдэмтэн, судлаачдын чуулга, уулзалтыг зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсоно. Шилдэг илтгэлүүдийг тавиулах, салбар хуралдаануудыг салбарын яамдын оролцоотойгоор зохион байгуулж, тэднийг холбох, цаашид хамтран ажиллах боломж, ажлын цар хүрээгээ тодорхойлох, судалгаа хийх зорилго бүхий анхны чуулга, уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймэрхүү чуулга, уулзалт хилийн чанадад л олон удаа зохиогддог гэж сонссон. Харин эх орондоо хийж буй нь анхных уу?

- Ер нь эх орныхоо хөгжил, өрсөлдөх чадварт хэн илүү санаа зовдог гээч. Эх орондоо байгаа хүмүүсээс илүү гадаадад буй иргэд. Орчин нь ч тэднийг тийм болгодог байх. Тэд өөрсдийн санаачлагаар цаг заваа гаргаж, хандив мөнгөө цуглуулж, улс орныхоо хөгжлийг хэрхэн хурдасгах талаар зөвлөлдөн чуулдаг. Үнэхээр бахархмаар. Энэ онд гэхэд Америкт, Англид, Италид чуулсан. Тэдний дундаас Британийн монголчууд энэ жил “Монгол орны хөгжилд” сэдэвт чуулга уулзалтыг зургаа дахь жилдээ зохион байгуулсан. Оролцогсдын тоо эрс нэмэгдэж, европын найман орноос төлөөлөгчид ирж салбар хуралдаануудаараа нийт 23 илтгэлийг сонсч хэлэлцсэн байна билээ. Эндээс маш олон шинэ санаа, шилдэг илтгэлүүд гардаг учраас эднийг эмхэтгэн хэвлүүлж, төр засгийн удирдлагуудад хүргэх, нийтийн хүртээл болгох нь улс орныхоо хөгжилд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм.

Зөвлөлөөс цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын цар хүрээ ямархуу байхыг тодруулж болох уу?

- Үндэсний хөгжлийн цогц бодлогод, “Гадаадад өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн иргэдээ эх орондоо буцаж ирж ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, өөрийн мэргэшсэн чиглэлээрээ ажлын байр бий болгох санал, санаачилгыг хөхиүлэн дэмжих” тухай заалт бий. Энэ нь манай Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн захиалга болж байгаа юм. Тиймээс асуудлыг аль нэг яам, салбарын хүрээнд яриад шийдэх боломжгүй. Салбар дундын зохицуулалт, нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай. Энэ чиг үүргийнхээ дагуу л ажлаа төлөвлөж, салбарын яамдтай болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэй хамтран төр, иргэний түншлэлийг хөгжүүлэхэд анхааран ажиллах болно.

Энэ жилдээ багтаж хэрэгжүүлэх тоймтой ажлуудаасаа дурьдвал?

- Хилийн чанадад буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэдэг гарсных нь дараа биш харин хил давахаас нь өмнө бодит мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр холбогдох байгууллагууд шат шатандаа анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс хөдөлмөр эрхлэхээр явах гэж буй иргэдэд зориулж Зөвлөлөөс төрийн холбогдох яам, агентлагуудтай хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулж, мэргэжилтнүүд тухай бүр очиж сургалт явуулах, иргэдэд зөвлөгөө өгч, нэгдсэн гарын авлагаар хангах ажлыг зохион байгуулж, хэвшүүлэ гэж байна.

Эрхзүйн орчны тухайд ямар шинэлэг санаа дэвшүүлж байгаа бол?

- Эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс Гадаадад ажиллах хүч илгээх авах тухай, Сонгуулийн тухай, Харьяатын тухай зэрэг хуулиудын төсөлд онлайн хэлэлцүүлэг хийж, санал боловсруулж оруулахаар ажиллаж байна. Мөн гадаадад ажиллаж буй иргэдийнхээ нийгмийн даатгалыг харилцан зөвшөөрөх механизмыг бүрдүүлэх талаар НХХЯ идэвх санаачлагатай ажиллаж, Солонгос улстай гэрээ хийсэн ба мөн Чех, Унгар зэрэг улсуудтай уг гэрээг үзэглэхэд бэлэн болоод байна. Түүнчлэн гадаадад амьдарч буй иргэдтэй холбоотой хууль, тогтоол, дүрэм журмын эмхэтгэл гаргах, мэдээллийн бааз бүрдүүлэх, судалгаа хийх хэрэгтэй. Үүний тулд гадна дотнын салбарын уулзалтуудыг зохион байгуулах, бусад ижил төстэй байгууллагын туршлага судлах зэрэг ажлуудыг төлөвлөсөн байгаа. Дашрамд дурдахад манай зөвлөлийн албан ёсны цахим хуудас болох www.cooperation.gov.mn гэсэн хаягаар зочилж, бидний ажилтай дэлгэрэнгүй танилцаж, зөвлөгөө дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахыг урьж байна.
http://www.cooperation.gov.mn

Дэлгэрэнгүй унших...

Чүндэгийнхээ дэндүү сайхан бүх ээжүүддээ, хөөрхөн алаг үрсдээ баярын мэнд хүргье


Ээжээ та миний хайртай наран
Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан
Буян гуйж хичнээн ч удаа сөгдөн мөргөвч
Бурханаас ч илүүтэй таныгаа л би шүтдэг шүү

Тэртээ уулын орой цайвалзан дайвалзан бөхийх шиг
Тэргүүнд тань хяруу унаж насыг тань орчлон элээнэ

Тэрлэг тань томдож өөрөө та жижгэрсээр
Тэгсэн ч таны минь хайр ер дундрахгүй


Дандаа ээжийгээ баярлуулж явна даа гэж боддог хэрнээ
Даанч их зовлонг асуулгүйгээр танд би авчирдаг
Давилуун, дэврүүн миний цагаан лайнд
Даль жигүүр ургатлаа л та баярладаг

Ганцаардаж гутрах болгонд тандаа л үнсүүлж тайтгардаг
Газарт хөл хүрэхгүй баярлахдаа тандаа л дуулгах гэж онгирдог
Яаж ч аягласан намайг тэр чигээр нь хүлээж авах
Яруухан урсгалтай гол ертөнцөд ганцхан та юм шүү

Хайр тань надад сайхан сэтгэл болж ууссан
Халамжаар тань би ертөнц урлаж гундахгүй амьдарна
Дэлхийгээр дүүрэн сайхан бүсгүйчүүд инээмсэглэн байдаг ч
Дэндүү сайхан таныг минь гүйцэх нь даанч алга даа
Дэлгэрэнгүй унших...

Агуа амьдрал


Алдарт Apple компанийг үүсгэн байгуулагч, Mac, iPhone зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдээр дэлхийг байлдан дагуулж буй Steve Jobs хэмээх энэхүү эрхмийн 2005 онд Stanford-ийн их сургууль дээр хэлсэн гурван түүхийн талаар та бүхэнтэй хуваалцмаар санагдав. Энэхүү эр их сургууль төгсөөгүйгээр барахгүй ундааны бөглөө цуглуулж өдрийн хоолны мөнгөө арай ядан олж явсан түүхтэй ч өдгөө хэрэв би сургуулийн мөр хөөж явсан бол өнөөдөр Мас компьютер энэ дэлхий дээр байхгүй байх байсан гэж бардам хэлж зогсоно.

Ер нь хэлэх гэж буй санаагаа хамгийн үр дүнтэй бусдад хүргэх арга бол болсон явдал, бодит түүх хэлбэрээр хүүрнэх гэж судлаачид үздэг юм билээ. Мань эр дараах гурван түүхийг дараах гурван гол санааг оюутнуудад хэлэхийн тулд хүүрнэсэн.

1. Connecting with Dots. Тарчиг амьдралын эрхээр сургуулиа дундаас нь хаяж оюутны байранд найзынхаа өрөөний шалан дээр унтаж явахдаа мань эр нэгэнт сургуулиа хаяж байгаа юм чинь гээд заавал үзэх хичээлээ болиод (өөрийн зүрх сэтгэлээ сонгон эрх чөлөөтэй сонголт хийсэн) сонирхолтой хичээл сонгохоор шийдэн Каллиграфийн ангид орсон гэж байгаа юм. Чухам эндээс эхлэн одооний Apple, iPhone, Pixar-ийн гайхамшигтай загвар дизайн, анимэйшнийн гайхамшигүүд төрсөн ажээ. Энэхүү түүхээр хэлсэн гол санаа нь YOU HAVE TO SOMETHING TO TRUST буюу чи ямар нэгэн зүйлд итгэх ёстой. Тэр нь бурхан, өөрийн чинь хувь заяа ч юм уу юу байдаг юм падгүй. Чухам тэр чинь нь л чамайг хүсэл мөрөөдөлдөө хүрэх чинь замыг чинь заана. Амьдралын салаа замын уулзвар дээр ирэхэд чинь магадгүй зөв шийдвэр гаргахад чинь тусална.
2. Love and loss. Гараажиндаа Apple компанийн үүсгэн байгуулж байсан мань нэг л өдөр өөрийн гараар бий болгосон компаниасаа халагдсан гэж байгаа. Маш хүнд байдалд орж, юу хийхээ мэдэхгүй хэсэг явсаны эцэст өөрийнх нь үнэнхүү дуртай ажил бол яах аргагүй өмнө нь хийж байсан ажил юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгожээ. Ажилгүй байх хугацаандаа бүхнийг эргэцүүлэн бодсоны эцэст бүхнийг дахин шинээр эхлэхээр болж Next ба Pixar компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. Тун удалгүй Аpple компани Next компанийг худалдан авах санал тавьсанаар мань эр эргээд Apple компанид сенсаацтай ирсэн түүхтэй. Өдгөө Pixar дэлхийн хамгийн алдартай анимэйшн студио болсоныг та бүхэн харж байгаа. Энэхүү түүхээрээ мань эрийн хэлсэн гол санаа нь DO WHAT YOU LOVE буюу амьдрал чиний толгой руу тоосгоор хайр найргүй цохих үе зөндөө гарна. Энэ үед эхний түүх дээр хэлсэн шиг өөрийн итгэл, үнэмшилээ алдаж, орхиж болохгүй. Тийм учраас амжилтанд хүрэхийн тулд дуртай юмаа олж хий. Дуртай зүйлээ олоогүй бол олтлоо хай. KEEP LOOKING.

3. Death. Мань өглөө босоод толины өмнө өнөөдөр чиний энэ дэлхийд байх сүүлчийн өдөр байсан бол чи юу хийх вэ гэж өөрийгөө хурцалдаг аж. Харамсалтай нь мань эр эдгэшгүй өвчин буюу хорт хавдартай хэмээн оношлогдож үхлээ цаг, минут тоолон хүлээж суусан түүхтэй. Азаар эмч нар буруу онош тавьсан нь мэдэгдэж хоргүй хавдарыг нь мэс заслын аргаар авснаар та бид өнөөдөр iPhone хэрэглэж байгаа юм байна шүү. Энэхүү түүхээрээ хэлсэн гол санаа нь ямар хүн үхэхийг хүсддэггүй. Хэдий диваажинд бүх юм төгс төгөлдөр гэдэг ч диваажин руу явахын тулд одоо байгаа амьдралаа золин үхэх хүн байхгүй. Тиймээс цаг мөч бүрийг битгий дэмий үр, ямар нэгэн үзэл сурталд баригдан, хэн нэгнийг сохроор дагасан арчаагүй бууны нохой битгий бол гэж захиж байна. Энэхүү түүхийн гол мессэж нь STAY HUNGRY AND STAY FOOLISH.

Түүний хэлсэн үгийн бүтэн бичлэгийг доороос үзээрэй.



Энэхүү эрхэмтэй төстэй ч гэх юм уу түүхтэй нэгэн Монгол залуугийн тухай мэдээлэл байдаг. Анхны эх сурвалжийг нь санахгүй байгаа тул хуулж авсан хэсгээ энд оруулав.

"Лондон хотод одоогоор TOP job-д 3 Монгол ажиллаж байгаа. Mizuho grouped- Senior Dealer and Head of the Treasury Department- Үл*** /түүний талаар бичих тухай өөрт нь мэдэгдэж амжаагүй тул нэрийг нь бүтнээр оруулсангүй гэдгийг ойлгоорой/ гэдэг монгол залуу байгаа... ... ... Эдгээр залуус Монголын мөнгө идэж гадаадад амьдарч байгаагүй, өөрсдийгөө сурталчилж PR хийж байгаагүй. Ганцхан толгойгоороо ажиллаж байсан бөгөөд харин одоо бүгдийн орлого нь жилдээ хагас сая pound or euro шүү дээ. Үл*** 2 жилийн өмнө өөрийг нь хүмүүжүүлсэн хүүхэд асрах газартаа 120 мянган доллларын буцалтгүй хандив өргөжээ.

Энэ мундаг бахархалт Монгол эрхэмийн талаар цухас бичье.
Тэрбээр 39 жилийн өмнө Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн бөгөөд 6 сартай байхад нь аав нь зудын үеэр осгож нас баржээ. Ээж нь 2 настай хүүгээ тэвэрсээр Эрдэнэт хотод ирж суурьшсан боловч түүнийг 3 настай байхад Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрийн осолд орон харамсалтайгаар бурхан болжээ.

Ингээд хүүхэд насаа Эрдэнэтийн хүүхэд асрах газарт өнгөрөөж улмаар Хэнтий аймгийн хилийн заставт 2 жил алба хаажээ. Цэргээс халагдаад Эрдэнэт үйлдвэрт механикчаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотод Японы засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгч тэнцэн Токио хотод Waseda-гийн /Waseda бол Японы нэр хүндтэй хамгийн том сургуулиудын нэг/ их сургуульд банк санхүүгийн чиглэлээр суралцжээ. Оюутан байхдаа мөнгө олохын тулд бусад оюутнуудын нэгэн адил аяга угааж, сонин тараах гэх мэт ажил хийсээр нэгэн сайхан өдөр Японы Mizuho Corporate Bank-нд дадлага ажилтан хийх боломж гарчээ. Тэр үеэс хойш одоог хүртэл дэлхийд нэр хүндтэй Mizuho group-д ажиллаж бүр даргын албыг хашиж явна.

Энэ мундаг хүний хэлсэн үг одоо ч толгойноос гардаггүй юм. Японы засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгөх гэж Эрдэнэт хотоос нүүрсний галт тэргэн дээр туулайчилж байсан юм билээ. Гэтэл өнөөдөр энэ хүн Лондон-Япон хоёрын хооронд дээд зэрэглэлийн хувийн онгоцоор нисэж байна. Энэ онгоцоор зөвхөн шилдэгийн шилдэг топ менежерүүд л нисэх эрхтэй байдаг. Японд танилцаж хуримласан эхнэр нь одоо Японы айрлэйнс-д ажилладаг.

Мөн энэ мундаг эрхэм ганцаардлын зовлонг маш сайн мэднэ. Учир нь Японы Васедагийн их сургуулийг онц төгсөж байхад нь баяр хүргэх гэж ойр дотны ганц ч хүн ирээгүй дипломоо өвөртлөөд буцаж байжээ. /Тэр үед эхнэртэйгээ танилцаагүй байсан./. Бас сургуулиа төгсөөд Монголын сангийн яаманд орох гэтэл мэргэжил мэдлэг бүх зүйл 100 хувь байтал танил талын хэлхээсгүй болоод оруулаагүй юм билээ. Ийм мундаг боловсон хүчнүүддээ бид хэрхэн хандаж Монголд "тоогдоогүй" оюуны их ундрагууд маань дэлхийд данстай байгууллагад хүчин зүтгэж явна шүү дээ. Хувь хүн талаасаа маш том амжилт боловч Монголын тэнэг эрхэмүүдийн өөрсдийн орон зайг алдахгүй гэсний хар гайгаар сэтгэл зүрхтэй мундаг боловсон хүчнүүд маань аргагүй эрхэнд гадагшаа гарч байгаагийн нэг жишээ.

ЖИЧ: Өсгөн хүмүүжүүлсэн Эрдэнэт хотын хүүхэд асран хүмүүжүүлэх газартаа хандив өгөх тэр өдөр сайхан инээмсэглэсэн эгэл даруухан энэ хүнтэй уулзах их хувь заяа миний бие Оогийноод тохиож байсан юм. Түүний хэлсэн энэ үг мэдээж өнөөдөр бүтээж босгож чадсан амьдралынхан тулгуур багана гэж бодон олзуурхан шүүрч аваад олон хоног бүүр маш олон сар хөл агаарт явж байснаа яг одоо мэт тодхон дурсан санаж байна.

Миний зүрх сэтгэлд өдий хүртэл халуу дүгүйлсэн хэдэн үгийг доор сийрүүлэн бичвээс: "Боловсрол бол хүний амьдралын бүх зүйл биш. Сэтгэл, эерэг зүрх сэтгэл бол байр суурь, амьдралыг тань 100 хувийн бүүр 200 хувь ч байж болох юм гэрэлтүүлэх гэгээ. Басхүү чамаас мундаг хүн байдаг юм шүү гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Тэр хүмүүс бол бусдыг хайрлаж хүндэтгэж чаддаг хүмүүс" гэж хэлсэн нь бий.
Яг л түүн шиг бусдын хайр энэрлийг мэдэрч чаддаг хүнээс энэ мэт үг гарах биз. Дээр сийрүүлсэн түүний үгнээс тухайн үед "Харж хандах хүнгүй үлдсэн ангирын зулзага шиг бяцхан хүүг халуун тэвэртээ аван бие эрүүл, ухаан саруул өсгөж хүмүүжүүлсэн асрах газрын ажилтнууд байгаагүйсэн бол түүний хувь заяаг тааж хэлэхэд бэрх." надад ийм төдий л санаа орж ирж байсан. Харин одоо нас явах тусам энэ хэдхэн үгэнд ямар олон ид шидийн салаа утга санаа буйг мэдэрдэг юм.


Харин дээрх түүх болон мэдээллүүдийг энэ блогоос авсан болно

Дэлгэрэнгүй унших...

Бахархалт мэдээ


Билгийн он тооллоор Бурхан багшийн төрсөн өдөр /석가탄신일-Buddha's Birthday/ тохиож байгаа билиг дэмбэрэлтэй энэ өдөр БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбооноос /СМОХ/ зохион байгуулсан Хаврын баярын "Эрдэм -2010" Эрдэм Шинжилгээний бага хурал амжилттай болж тус хуралд Чунгнамын оюутан залуусыг төлөөлөн илтгэлээ тавьж танилцуулсан Д.Энхзаяа /Гундуны Монголчуудын дунд Заяа эмч хэмээн хүндлэгддэг/ тэргүүн байр эзлэн Алтан Медалын эзэн болсон сайхан мэдээг дуулгахад таатай байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд Солонгосын их дээд сургуулийн баклавр, магистар, докторт суралцагч 14 оюутан Байгалийн болон Нийгмийн ухааны салбарт илтгэлээ тавьж танилцуулсан юм.

Байгалийн ухааны салбарт тавьсан илтгэлүүдийг 3 шүүгч 2 шатлалтайгаар шүүн хэлэлцэж энэхүү манай сургуулийн оюутан Алтан медалийн эзэн болон Солонгосын оюуны их далайд эрдмийн сувд шүүрдэн, сурч боловсорч байгаа оюутан залуусыг манлайлсанд баяртай байна.

Дашрамд хэлэхэд энэ удаагийн Хаврын баярт манай сургуулийн оюутнууд хамгийн олон тоотойгоор мөнхүү хамгийн идэвхитэй оролцсон бөгөөд Заяа эмч маань хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй оролцсон сүр бараатай илтгэгч байлаа. Мөн Заяа эмчээ дэмжихээр хамтдаа явсан оюутнууддаа чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлье.


Ингээд маргаашийн спортын арга хэмжээнд оролцох Чунгнамын багтаа амжилт хүсье.

Эрдэм шинжилгээний бага хурлын дэлгэрэнгүй нийтлэлийг тун удахгүй оруулах болно.


Дэлгэрэнгүй унших...

Хаврын баярт оролцох оюутнуудыг бүртгэж байна.


Солонгос дахь Монгол Оюутны Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм -2010” Эрдэм Шинжилгээний Бага Хурал - “Хаврын баяр 2010”-д Чүнгнамын Монгол оюутнуудаа төлөөлөн илтгэл тавих мөн спортын арга хэмжээнд оролцох баг бүрдээд байгааг дуулгахад таатай байна.

Жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү "Хаврын баяр" нь Солонгосын өнцөг булан бүрт сурч байгаа хэл нэгт ахан дүүс маань мэргэжлээрээ хэрхэн амжилттай суралцаж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд идэвхитэй оролцон мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжиж байгааг биеэр уулзаж мэдрэн, улмаар чадварлаг оюутан залуусын олонд танилцуулж буй илтгэлүүдээс мэргэжил тус бүрийн шинэ содон мэдээ мэдээллийг хүртэж болох сайхан боломж билээ.

Иймд Чунгнамын оюутан залуусаа зохион байгуулалтайгаар Хаврын баярт оролцуулан ач тустай мэдлэг мэдээллийг хүртээх зорилготойгоор Хаврын баярыг очиж сонирхох, багаа хөгжөөн дэмжих оюутнууддаа Оюутны Холбооны боломжит төсвийн хүрээнд нэг талын унааны зардалыг даан явуулах гэж байна.

Оролцох нийт оюутны тоо: 30
Явах өдөр: Баасан гараг - 2010 оны 5-р сарын 21
Цуглах цаг: Баасан гараг - 7:30
Уулзах газар: Чунгнамын их сургуулийн төв хаалган дээр

ЯВАХ ОЮУТНУУД ИЙШЭЭ ОРЖ НЭРЭЭ БИЧЭЭД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.

Дэлгэрэнгүй унших...